
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн төсөлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангаруулах шуурхай үүрэг, даалгаварыг өнгөрсөн баасан гарагт өгчээ. Үүний дагуу хэдэн хэдэн хуульд яаралтай өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Үүнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой заалтууд тусгагджээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Тусдаа амьдарч буй эцэг, эхийн хүүхдийг асран хүмүүжүүлж, хүн болгохтой холбоотой хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгаж байна. Хүүхдийн тэтгэмжийг төлдөггүйтэй холбоотой асуудал бий. Иймд тухайн этгээд орлогынхоо хэмжээнээс хамаарч, хүүхдийн тэтгэмж төлдөг болно. Тэтгэмж төлөхгүй байгаа эцэг, эхэд оногдуулах хариуцлагыг чангатгана.
Хүүхэд, гэр бүлтэй холбогдож буй хүчирхийллийн, үрчлэлт зэрэг бүх маргааныг дагнасан байдлаар шийддэг мэргэшсэн шүүхтэй болох заалтыг хуулийн төсөлд тусгасан.
Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд авлига, бусдыг санаатай алах, хүчиндэх тэр дотроо бага насны хүүхдийг хүчиндсэн 3876 хүн өршөөл, уучлал, магадлангаар суллагдсан байна. Энэ дотор бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт нэг ч уучлал үзүүлээгүй. Эдгээр хүний 25 нь УИХ-аас баталсан Өршөөлийн хуульд хамрагдсан суллагдсан байна. Харин эдгээр 3876 хүнээс дахин гэмт хэрэг үйлдсэн зургаан хүн байна гэв