
Угжсан гөлөг чинь улс хөмөрлөө, хоёр оо.
Ми. Энхболдыг Хятадын коммунист намын халаасанд улс орон уялаа гэж шоудсаар байж унагаахдаа Баттулга, Хүрэлсүх гэдэг хоёр ахыг холбож хөдөлгөсөн үе Оюукт бий. Тэгснээ нөгөө хоёр ахынхаа дунд нойтон хоншоороо долоогоод хамгийн их гүйсэн хүн чинь бас л Оюук шүү дээ. Энэ хоёр хүнийг эвлэрүүлэх үү, эвдэх үү гэдэг чинь түүний л дур хүсэл, дунд чөмгөөс шалтгаалдаг байлаа. Ерөнхийлөгч Баттулгын бүх эрх мэдлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуга мөргөн мулзалж аваад Ерөнхий сайд Хүрэлсүхэд овоолсон, тухайн үед засаглалын хямралд орохгүйн тулд энэ замыг сонгохоос ч өөр арга байгаагүй. За тэгснээ өөрөө Ерөнхий сайд, намын дарга болохын тулд Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгууль руу түлхсээр байж, эргэн тойрны хүмүүсийг нь ятгасаар байгаад оруулсан даа. Хоёр ахыгаа хорлонтой муухай мөргөлдүүлсэн. Хооронд нь үнэг шиг гүйгээд үүрэнд нь өөрөө ороод үүрлээд суусан. Ингээд харахаар Ерөнхий сайдын суудал руу арваад жилийн өмнөөс арга заль зохион зүтгэсэн хүн дээ. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гэсэн хамгийн том эрх мэдэл, хамгийн том гурван суудлыг атгасаар гурван жил өнгөрлөө. Үе үе шударга ёс ярьж шудраад гараад ирнэ, тэгээд Хөгжлийн банкаар ял сонссон хүн байна уу, үгүй! Гэм буруугүйн шүүх хурал болоод дууссан. Энэ мэтээр эвгүй сэдвүүдээр нийгмийг шуугиулж байгаад ардуур нь Булгантуяа, Ганхуяг нарын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн урд хөршид найр тавьсан урвагч заалтыг хажуугаараа харах ч үгүй өнгөрөөдөг гэж байгаа. Одоо тэгсэн яасан, жил болгон Хятадад айлчилж, одоо бүр эх орныхоо газрын зургийг дэлгэж байгаад дэлдийтэл тайлангаа тавиад ирдэг болсон. Сүүлдээ бүүр оодроод, Газрын тухай хуульдаа гаднын иргэнд 60+40 жилээр газар ашиглах эрх өгөхөөр, энэ өөрчлөлтөө УИХ-ын хуралдааны сүүлийн өдөр батлуулахаар зүтгүүлэх гэж байна. Эх орноо үгүй хийх энэ өөрчлөлтийг элэг зүрх мэт тэврээд гүйгээд байгаа хүн нь Ч.Хүрэлбаатар. Оюукийн Эдийн засаг хөгжлийн сайд. Гэнэт л Хятад явахаасаа өмнө ийм албан тушаал гаргаад Хүрэлбаатарыг өргөөд тавьсан, өврөө хуваасан. Боомтын сайд гэдэг албан тушаал бас гаргаж ирсэн. Урд хөршийн заавраар ухалзаад, дотор даргын захиалгаар урагшлаад байдаг юм биш үү? Хэрэв Газрын тухай хуульд энэ ганц өөрчлөлт шургах юм бол эх оронгүй болох эхлэл тавигдлаа гэж мэд. Эрх баригч намын дарга энэ бүхнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Юу гээч, Баттулга, Хүрэлсүх хоёр оо, тэжээсэн гөлөг чинь тусгаар тогтнолд дайсагнаад, угжсан гөлөг чинь улс самраад байна. Том ах нар нь энэ том толгойтой дүүгээ одоо нэг тунгааж хар даа. Хаан, заан явахад чинь хаагуур чинь шургаад, хаа гуяар чинь ороогоод, хамаг эрх мэдлийг чинь атгаад үлдсэнийг анхаарч нэг бодоорой, тэгээд энэ жижигхэн дүүгээ томхон хашраана уу даа. Ард түмэнд чинь ардчилсан эрх бараг үлдээгүй шүү. Данх гэвэл торгоод, шүүмж хэлбэл шүүс шахаад, жагсвал дунд нь самраад, энэ мэтийн постыг эвгүйхэн хязгаарладаг болсон.
Эмүжин