Папарацци

ХҮН-ын баримт бичигтээ оруулсан өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэлээ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өчигдөр болж, Б.Жагарын байгуулсан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцлээ.

Улмаар Улс төрийн намын тухай хуульд заасан “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”, “намыг өөрчлөн байгуулах, татан буулгах журам, дэг”, “санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах журмыг нарийвчлан зохицуулаагүй, хуулиар гагцхүү намын Их хуралд олгосон “намын төлөөллийн төв болон хяналтын байгууллагын тайланг хэлэлцэх” эрхийг баталгаажуулаагүй, намын Их хурал, түүний эрх шилжүүлснээр Бага хурлаар шийдвэрлэх эрхийг өөр этгээд хэрэгжүүлэхээр тусгасан зэрэг нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэжээ. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн 10.1.1-т заасан “намын дүрэм, хуульд харшилсан”, 10.1.6 дахь хэсгийн “хуульд заасан бусад үндэслэл”-ээр Улсын дээд шүүх дээрх намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Мөн тус хуралдаанаар Хөдөлмөрийн үндэсний намын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандын өргөдлийг хэлэлцээд, уг намын энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны ээлжит бус VII их хурлаас намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон намын бүтэн нэрийг “ХҮН нам”, товчилсон нэрийг “ХҮН” гэж өөрчлөн баталсан шийдвэрүүд нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хуульд тогтоомжид нийцсэн гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэлээ.