Б.Баасанцогт, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарын өмгөөлөгч шүүгчээс татгалзлаа

-“Улаанбаатар импэкс”-ийнхэн хоёр шүүгчид хахууль өгсөн гэв үү-

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

НПГ-аас дээрх гурван хүн болон “Номин холдинг”-ийн хамаарал бүхий “Улаанбаатар импэкс” компанид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасан албан тушаалаа урвуулсан, 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, бусдаар дамжуулан хахууль авсан”, “Улаанбаатар импэкс” компанид мөн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”, Б.Баасанцогтод тус хуулийн 22.5-1-ийн бусдад хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон, 12.6-2 дахь хэсгийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон, шүүгдэгчийн ширээнд суулгаад буй юм. Уг дөрвөн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 11.00 цагт эхлэхэд шүүгдэгч нарын зарим өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-1.4-ийн “Өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-ийн “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хэлнэ” гэсэн заалтыг үндэслэн даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан юм. Дээрх хэргийг тус шүүхийн шүүгч Т.Алтантуяа хянаж, шүүхээр дэнслүүлэхээр товлоод байв. Шүүгчээс татгалзсан нь үндэслэлтэй, эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх учраас урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Ташрамд мэдээлэхэд, “Ариг” банк, “Улаанбаатар импэкс”-ийн хооронд өрнөсөн хувьцааны маргаантай холбоотой иргэний хэргийг дээрх хоёр шүүгч хянан шийдвэрлэсэн бөгөөд Б.Баасанцогтоор дамжуулан нэг нь 10 сая гаруй, нөгөөх нь зургаан сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгаад буй юм. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхээр удаа дараа хуралдсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй, хойшилсоор байна” хэмээн бичсэн нь ямар ч үндэслэлгүй, ташаа юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд холбогдох хэргийг НПГ-аас өнгөрсөн тавдугаар сард тус шүүхэд шилжүүлж, шүүгч хуульд заасан хугацаанд хавтаст хэрэгтэй танилцаад, урьдчилсан хэлэлцүүлгийнх нь хурлыг товлосон юм.