Хөгжлийн банкны хохирлыг төлөхөд бодитой анхаарахаа амласан Д.Эрдэнэбилэгийг суллав

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн даваа гарагт өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын шийдвэрээр цагдан хорих ангиас суллаж, улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн байдлыг үндэслээд өмгөөлөгч Б.Даваажанцан, С.Амартүвшин нар энэ сарын 9-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх санал гаргасныг тус шүүхийн шүүгч энэ сарын 9-нд хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаад байсан юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль зөрчин, улстөрчдийн нөлөөтэйгөөр хувийнхаа аж ахуйн нэгжид авсан, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэгт ч яллагдагчаар татагдсан түүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 21-нээс Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хориод байсан билээ.
Өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг эсэргүүцэхдээ ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн хариуцсан эмч нарын тодорхойлолт, тус эмнэлгийн комиссын шийдвэр, хэргийг мөрдөж, хяналт тавьж байгаа мөрдөгч, прокурорын санал, яллагдагч Д.Эрдэнэбилэгийн гаргасан “Биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулах асуудалд бодитой арга хэмжээ авна” гэж АТГ-т бичгээр гаргасан хүсэлтийг нь хавсаргасан бол шүүх хурлын үеэр Д.Эрдэнэбилэг ч хохирлыг төлөх ажлыг эрчимтэй хийхээ амласан зэрэгт үндэслээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх захирамж гаргасан байна.