ПапарацциСонин хачин

Баячуудынхаас хулгай хийсэн солонгос эрийг эрэн сурвалжлахаар болов

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй олон айлын үнэт эдлэлийг хулгайлж, олон сая төгрөгийн хохирол учруулсан Т.Хүрэлжанжин, БНСУ-ын иргэн Баг Жон Ёог (Bak Jong Yeoug) нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр нэг бус удаа товлосон боловч шийдвэрлэж чадахгүй өдий хүрлээ. Хамгийн сүүлд тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгч БНСУ-ын иргэн Баг Жон Ёог шүүх хуралд ирээгүйгээс хойшлуулжээ. Улмаар түүнийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэх захирамж шүүгч гарган, хэргийг нь түдгэлзүүлсэн байна.
Т.Хүрэлжанжин, Баг Жон Ёог нарыг МБА-ны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны хоёрдугаар сард нэмж шалгаж дуусаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш хэргийг шийдвэрлэж чадаагүй байгаа юм.
БНСУ-даа 12 удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байсан Баг Жон Ёог, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй Т.Хүрэлжанжин нарт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-7 жил хорих ял 2019 оны нэгдүгээр сард шийтгэж байсан юм. Гэвч Улсын дээд шүүх хохирогч Л.Гүндалай, эхнэр Л.Аззаяа, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр болж буцаасан юм. Учир нь Л.Гүндалай, Л.Аззаяа, Л.Чинбат зэрэг нэр бүхий хохирогчдын алдсан зарим эд зүйл алга олдоогүй, тэд гомдолтой гэсэнд үндэслэн нэмж шалгасан байдаг.