ПапарацциСонин хачинФото

Шүүгч нарт хахууль өгсөн гэх Б.Баасанцогтын хэргийг удахгүй дэнслэх нь

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ.

Хавтаст хэрэгтэй танилцаж буй шүүгч хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг удахгүй товлох бололтой. Түүнийг Эрүүгийн хуулийн 12.6-2 дахь хэсгийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан, 22.5-1-т заасан албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй. Өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар “Парк вью” (Park view) хотхоны нэгэн байранд архидаж, биеэ үнэлдэг нэг эмэгтэйтэй цахилгаан шатанд ёс зүйгүй авирлаж буй бичлэг нь олон нийтэд тархсан нь биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт яллагдагчаар татах үндэслэл болсон.
Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэгт хахууль өгсөн нь тогтоогдсон гэж үзээд НПГ-аас тэднийг яллагдагчаар татаад байгаа билээ.
Б.Баасанцогтыг цагдан хорьж шалгах хугацаа энэ сарын 7-нд дуусантай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэг сараар сунгаад байсан. Тэгвэл түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нар үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргахаар дээд шатных нь буюу тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу хянаад батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.4-т заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэснийг хүчингүй болгосон аж.
Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ноос өмнө Б.Баасанцогтод хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэр үедээ экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн үйлдэлд холбогдож, тагнуулынхан түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан. Энэ үед тэрбээр таслан сэргийлэх арга хэмжээ зөрчиж, гэр бүлийн хамтаар хилээр гарч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас цагдан хориод байсан билээ.