Папарацци

Тэмүүлэнд амьдрал бэлэглэцгээе

Тэмүүлэнд амьдрал бэлэглэцгээе” хандивын аяны талаар мэдээлэл хийлээ.

Архаг бөөрний дутагдалд орж, цаашид бөөр орлуулах /гемодиализ/ эмчилгээ хийлгэх боломжгүй болсон И.Тэмүүлэнгийн эмчилгээний зардалд зориулан “Тэмүүлэнд амьдрал бэлэглэцгээе” хандивын аяныг түүний ойр дотнынхон эхлүүлжээ.

И.Тэмүүлэн нь 10 настайдаа уг өвчнөөр өвдөж эхэлсэн бөгөөд 24 жилийн турш байнгын эмчилгээ хийлгэж ирсэн байна. Энэ хугацаанд ээжийнхээ нэг бөөрийг шилжүүлсэн суулгасан боловч ажиллагаагүй болжээ.
Хандивын аяны талаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Ганзориг “Бөөрний архаг дутагдал, судалсны битүүрэл оноштой цаашид 3-4-хөн сарын настай болсон И.Тэмүүлэнгийн эмчилгээнд нэмэр болох хандивын аяны талаар мэдээлэл хүргэж байна. Миний хувьд энэхүү аянд нэгдэхийн зэрэгцээ элэг нэгт Монголчууд та бүхнийгээ уриалж байгаа юм.
Түүний хамгийн сүүлийн найдвар нь Солонгос улсад очиж эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх юм. Энэ мэс заслын зардал нь ойролцоогоор 300 сая вон. Энэ зардлыг босгож, нэг сайхан залууд амьдрал бэлэглээч гэж сайхан сэтгэлт түмэн олон, урлаг соёлынхон та бүхнээсээ хүсэж байна.
Энд нэг зүйлийг заавал хэлэх хэрэгтэй байх. И.Тэмүүлэнгийн маань гэр бүл, найз нөхөд бусдаас хандив гуйгаад зүгээр суугаагүй. Хамаатан саднаараа нэгдээд хандивын аянд зориулан бууз хийж, үзэг бал, үсний боолт зэргийг борлуулж байгаа. Мөн Төв аймгийн Батсүмбэр суманд хурдан удмын адууны дуудлага худалдаа зохион байгуулсан. Түүнчлэн “Дөрвөлжийн бэл” гэдэг компани таван ханатай гэр эмчилгээний зардалд нэмэр болгохоор хандивласан. Энэ мэтчилэн хандив тусламж цугларсаар байгаад бид маш их талархаж байна.

Магадгүй та бүхэнтэй хаа нэгэн газар энэхүү хандивын аяны хүрээнд борлуулж байгаа зүйлс тааралдах байх. Тэгвэл худалдан авч, буяны үйлсэд нэгдээрэй гэж хичээнгүйлэн хүсье” гэв.

И.Тэмүүлэнгийн ээж Ж.Хишиг-Амгалан “Элэг нэгт ахан дүүс минь бидэнд туслаач гэж гуйж байна. Бид өөрсдийнхөө хэмжээнд цуглуулаад байгаа боловч эмчилгээний зардал нь маш их юм. Олон түмнийхээ тус дэмийг авахгүй бол бидний хүч хөдөлмөр үнэхээр хүрэхгүй болоод байна. Дээр нь хугацаа маш бага үлдсэн. Хүүд минь дөрөвхөн сарын нас үлдсэн гэдгийг сонсоод энэхүү хандивын аяныг эхлүүлсэн. Түүнээс хойш нэг сар 27 хоног өнгөрөөд байна. Цаана нь хоёрхон сар үлдээд байгаа юм.
Болдог бол үлдсэн нэг бөөрөө хүүдээ өгчихөөд өөрөө эмчилгээ хийлгээд явъя гэж эмч нарт хэлсэн боловч зөвшөөрөөгүй.

Бидэнд донор бий. Даанч мөнгө нь алга.

Донор байгаа хэр нь яагаад Монголдоо эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхгүй байгаа юм бэ гэж асууж магадгүй. Хүү маань маш олон удаад хагалгаанд орсон. Ээжийнхээ бөөрийг буюу гаднын биет суулгуулсан болохоор хүүгийн маань биед эсрэг биет гэдэг зүйл үүссэн. Түүнийг нь шүүлгэхэд нэг удаагийн төлбөр нь хоёр сая төгрөг байдаг. Хүүгийн маань хувьд доод тал нь 10 удаа эсрэг биетээ шүүлгэхээр байгаа. Монгол эмч нар маань ингэж шүүлгээд эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгээд үзэх үү гэсэн. Гэвч үр дүнгийн тухайд баталгаатай хариу өгөөгүй. Арай гэж цуглуулсан хандивын мөнгөнөөс доод тал нь 20 сая төгрөг зарцуулаад хамгийн гол нь хугацаа алдсан зүйл болох вий гэж болгоомжилж байгаа учраас бид гаднын эмнэлгийг сонгосон юм.

Эмнэлгийн зүгээс эцсийн арга болох хиймэл судсыг хүүгийн маань зүрхэнд артер, венийн судасны уулзварт холбосон байгаа. Энэ нь 4-5 сар л хүний биед байх боломжтой. Энэ судасны үйл ажиллагаа зогсвол хүүгийн минь амьдрал зогсоно.
Тиймээс түмэн олон та бүхнээсээ тусламж гуйж байна.

60 мянган хүн тус бүр 10 мянган төгрөг хандивлахад хүүгийн минь амийг аврах юм.

Мөн бидэнд тусалж, сэтгэл гаргаж байгаа бүх хүнд талархсанаа илэрхийлье” гэлээ.

И.Тэмүүлэнд туслах хандивын дансны дугаар ХААН банк: 5057901208