Гэмт хэрэгПапарацциСонин хачин

ХМТ-ноос эрэн сурвалжилж байсан эр монголчуудаас 21.3 сая төгрөг 3aлилжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ноос эрэн сурвалжилж байсан хүнийг манай ЭЦА-ны ажилтнууд “Шангри-Ла” зочид буудлаас 2021 оны аравдугаар сарын 13-нд баривчилсан нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байв.

Түүнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Уг нь ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид түүнийг Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангид зааснаар яллагдагчаар татаад байв.

Тодруулбал, дээрх хуулийн 17.3-т заасан эд хөрөнгө залилсан, 18.6 дахь хэсгийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл түүний мөнгө угаасан гэх үйлдэл нь хангалттай нотлогдоогүй гэж прокурор үзсэн бололтой. Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад АНУ-ын иргэн, 65 настай Тэрри Ли Нэнси (Terry Lee Nance) нь манай нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагыг залилж 7500 ам.доллар буюу 21.3 сая гаруй төгрөг залилсан нь тогтоогдсон аж. Тэрбээр АНУ дахь Би би энд ти” (BB&T) гэх хөрөнгө оруулалтын компаниас 200 сая ам.долларын зээл олгож, хамтарч ажиллана хэмээн манай улсын аж ахуйн нэгжийн удирдлагатай цахимаар харилцан и-мэйл бичиж, өөртөө итгэл төрүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсад ирж, “Шангрила” зочид буудалд байрлаж байсан агаад цагдаагийнхан түүнийг саатуулан өрөөнд нь нэгжлэг хийгээд их хэмжээний валют, санхүүгийн хуурамч бичиг баримтууд,

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, тамга, тэмдэг бүхий баталгаа, компьютер, зөөврийн санах ой (флаш диск)-д хадгалсан хөрөнгө оруулалтын хуурамч гэрээ зэргийг хураан авсан байдаг.

Тэрри Ли Нэнси өнгөрсөн есдүгээр сард манай оронд ирсэн даруйдаа Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд очин дэд тэргүүнийх нь гарын үсэг, тамга, тэмдэг бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулалтыг дэмжих баталгаа гаргуулсан гэдэг. Улмаар 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтын баталгаанд шаардагдах 500 мянган ам.долларыг Монголын талаас нэхэмжилж, Хонконг дахь арилжааны банкны данс руу тав хоногийн дотор шилжүүлэхийг аж ахуйн нэгжийнхнээс шаардсан байдаг.