ПапарацциСонин хачин

МЭЕГ-ын албан тушаалтнуудын хэрэгт Энэтхэгийн талаас тайлбар ирүүлнэ

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулж, улсын төсвийн их хэмжээний хөрөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн наймдугаар сараас хойш шалгаж буй билээ.

Тус газрын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батсүх нарыг уг хэрэгт холбогдуулан тухайн үед цагдан хорьж байв.

Манай улс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2016 оноос өмнө ОХУ-ын Владимр хот дахь Бүх холбоотын мал эмнэлгийн холбооны улсын үйлдвэрээс авдаг байсныг больж, Энэтхэгээс зах зээлийн үнээс өндөр ханшаар авсан байдаг. Тодруулбал, 2016 онд 15 сая тун вакциныг 337.5 мянган ам.доллар буюу нэг тунг нь 0.0225 центээр худалдаж авч байж. Харин 2017-2020 онд дөрвөн удаа Энэтхэгийн “Heister biosciences Limited” гэх хувийн үйлдвэрээс нэг тунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан худалдан авсан юм билээ. Дэлхий зах зээл дэх ханшаас өндөр үнээр бог малын мялзангийн эсрэг вакцин худалдан авсан нь мөнгө угаасан, албан тушаалаа урвуулсан, авлига, хээл хахуулийн гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. МЭЕГ-аас зарласан тендерийн төлбөрөөс 800 000 орчим ам.долларыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч охин болон хүргэнийхээ дансаар 2018-2020 онд БНЭУ-ын “Heister Bioscineces Limited” компаниас Б.Батсүх хүлээн авч, тендерийн үнэлгээний хороонд ажилласан төрийн албан хаагчдад хахууль болгож өгсөн, орон сууц, хаус худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Уг хэргийн мөрдөн байцаалт нэлээд удааширч байгаа юм. Учир нь Энэтхэгийн хууль сахиулах байгууллагынханд хүсэлт илгээж, “Heister Bioscineces Limited” компанийнхнаас нь тайлбар авахаар болсон аж. Тус улсын талаас хараахан хариу ирүүлээгүй учраас шалгалт удааширч буй юм билээ.
Энэ мэтээр авлигын гэмт хэрэг улс, үндэстэн дамнан гарч, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь нэмэгдэж байгаа учраас АТГ-ынхан гадаад улсын холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг. Ингэхдээ Монгол Улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан 20 орчим орноос гадна Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улстай хөрөнгө буцаах, мэдээлэл солилцох чиглэлээр нягт хамтран ажилладаг юм. Үүний хүрээнд 2021 онд гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан авчраад буй билээ.