МэдээНийгэм

Зэрэг цол, урамшуулал горилсон ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ нар хэзээ ажлаа хийх вэ?

Сүүлийн жилүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгч нар хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэдийн гомдол мэдээлэл тасралтгүй гарах боллоо.
Иргэний гомдол мэдээллийн мөрөөр биднийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очих үед, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хохирлоо барагдуулах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байх ба өрөөндөө тухлан суусан шийдвэр гүйцэтгэгч нар дотоод ажилтай хэмээгээд хохирсон иргэдэд үйлчлэхээс татгалзаж байх аж.
Харин ажил хийхээс цааргалсан шийдвэр гүйцэтгэгч нар энгийн иргэдийн амыг таглах гэсэндээ дотоод ажилтай хэмээн хэлж суудаг гэлтэй.
Хот хөдөөнөөс ирсэн, хэдэн төгрөгөө олж авах гэсэн хохирогч иргэд төрийн албаны хүнд сурталд дарагдаж, ажил төрлөө алдаж хөрөнгө мөнгөө үрэн таран хийж байгааг доорх хэргийн жишээгээр дурдая.
Монгол Улсын иргэн Т.Сарангуа 2009 онд бусдад 19 сая төгрөг залилуулжээ. Залилагч этгээд Г.Долгорсүрэн гэгч нь нийт дөрвөн хүнээс 100 гаруй сая төгрөг залилан авсан болох нь тогтоогдож, гурван шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж, 11 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдйин хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн гэмт этгээдээс хохирогч Т.Сарангуад 17 сая төгрөг гаргуулах тогтоол гарсан байдаг.
Хэрэг 2014 онд шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүнээс хойш бүтэн долоон жилийн хугацаа өнгөрсөн ч энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэг ч удаа явуулаагүй байна.
Энэ талаар хохирогч Т.Сарангуа хэлэхдээ “Одоогоор долоон жилийн өмнө шүүхийн тогтоол гарч, Г.Долгорсүрэн шоронд суусан. Мөн шүүхээс миний хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд гурван шийдвэр биелүүлэгч энэ хэргийг хариуцаж байсан. Одоо Баянгол дүүргийн 181-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Урангоо хариуцаж байгаа. Хэн нь ч ямар ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна.
Миний олж мэдсэнээр Г.Долгорсүрэн ял авснаасаа хойш хэдхэн жилийн дараа суллагдсан байсан. Энэ тухай шийдвэр гүйцэтгэгчээсээ асуухад “Шоронд байгаа үгүйг нь бид нар мэдэх боломжгүй, хаана байгааг нь мэдэхгүй. Хаяг мэдээлэл нь бид нарт харагддаггүй” гэдэг тайлбар өгсөн. Хэргийн явцын тухай асуух бүрд “Манайх дотоод ажилтай, утсаар ярь” гэдэг.
Нөхцөл байдал ийм болсон болохоор би хувийн шугамаар хөөцөлдөж байж Г.Долгорсүрэнгийн тухай мэдээллийг олж авсан. 2014 онд өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан гэсэн мэдээлэл олоод, оршин суугаа хаяг, утасны дугаарыг нь хүртэл өгсөн. Ядаж энэ хүнийхээ дансыг битүүмжлээд ямар нэг арга хэмжээ явуулж өгөөч гэдэг.
Намайг ингэж хөөцөлдөж эхэлснээс хойш, Г.Долгорсүрэнгийн байршил хаягыг мэдэхгүй гэж байсан нь өөрчлөгдөөд “Хорих ангиас сүрьеэгийн оношоор суллагдсан. Хаяг руу нь бичиг явуулсан” гэх мэтээр ярьж эхэлсэн. Анхнаасаа надад худал ярьж, албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байсан гэж бодож байна. “Та ингэж яваад өөртөө ч бид нарт ч ажил удаж байна. Ирэх бүрдээ доор хураамж төлж байгаа чинь бараг авах мөнгөнөөсөө их зардал болно” гэж хэлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт надтай адилхан асуудалтай тулгарсан олон хүн шийдвэр гүйцэтгэгч нарыг хүлээгээд суудаг. Яг ижилхэн тайлбар сонсоцгоогоод байж байна. Энэ бүх хүмүүс төрийн алба, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдолтой байгаа. Энэ асуудлаар хэнд хаана хандах ёстой юм. Ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь гомдол гаргах л бодолтой байна” гэж ярьлаа.
Ганцхан хэргийн жишээг дурдахад л энэ байна. Төрийн албаны хүнд суртал иргэдийг ингэж л “тамладаг”.
Одоогоос 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинээр батлагдсан. Энэ хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын урамшууллын системийг хассан байдаг. Өмнө нь буюу 2002 оноос хойш үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэгчид нь гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгээр урамшууллын мөнгө авч байсан. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч барагдуулсан мөнгөнийхөө тодорхой хувийг өөртөө урамшуулал хэлбэрээр цалингаас гадуур авдаг байсан гэсэн үг.
Тэгвэл 2017 онд хууль шинэчлэн батлагдсанаар энэ эрхзүйн зохицуулалтын үйлчлэл дуусгавар болж, урамшуулал авахаа больсон тэр цагаас хойш шийдвэр гүйцэтгэгчид ажлаа хийхээс цааргалах болсон тухай хуулийнхан дотроо ярилцдаг юм билээ. Бүр дээд шатандаа хүртэл энэ тухай судалгаа гаргаж, 2019 оноос эхлээд нийт шийдвэр гүйцэтгэгч нартаа цэргийн цол олгож эхэлсэн байдаг.
Гэлээ гээд энэ албаны ажил сайжирсан гэвэл үгүй. Шийдвэр гүйцэтгэх газрын үүдэнд нэг л өдөр өнжихөд л хэн бүхэн үнэлгээгээ тавьчихна.
Харин энэ байдал хэзээг хүртэл үргэлжлэх вэ?
Зэрэг цол, цалин урамшуулал горилж ээж аавдаа “эрхэлсэн” хүүхэд шиг суугаа алба хаагчдадаа хэн хариуцлага тооцох вэ?
Хэзээ ажлаа хийх вэ?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудаас дээрх асуултуудад хариулт нэхэж байна.

Хариулт үлдээх