МэдээНийгэм

Covid-19-ийн эмчилгээнд хортой ургамал ашигласныг ДЭМБ шүүмжлэв

Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров Пүрэв гариг (2021.04.15)-т Covid-19-ийг эмчлэх шинэ арга олсноо өөрийн фэйсбүүкээрээ зарласан юм.

Тэрбээр тус улсад ургадаг халуун цэцэг хэмээх хортой ургамлын үндсээр хийсэн хандыг Covid-19-ийн эмчилгээнд үр дүнтэй хэмээн мэдэгджээ. Халуун цэцэг (aconite) нь Хятадын Шинжаан, Казахтсан, Киргизстаны зарим нутагт ургадаг хортой ургамал юм.

Нутгийн зарим хүмүүс эрүүл мэндэд сайн гэж үзээд, үндсийг нь хоолондоо хэрэглэдэг аж. Энэхүү ургамлын үндэс “aconite”, “cardiotoxin”, “neurotoxin” зэрэг хортой бодис агуулдаг тул хүнсэнд хэрэглэсэн хүнийг өвчлүүлэх, зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултайг эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг байна.

Ерөнхийлөгчийн мэдэгдлийн маргааш тус улсын Эрүүл мэндийн сайд Алымкадыр Бейшеналиев хэвлэлийн хурал зохион байгуулж, хортой ургамлын хандыг 300 өвчтөнд уулгаж туршсанаа мэдэгджээ. Мөн тэр өөрөө аягатай хандыг балгаж үзүүлээд, халуунаар нь уухад халдвар авсан ямар ч хүний бие 2-3 өдрийн дараа сайжрах бол хүйтнээр нь уувал үхэх аюултайг анхааруулжээ.

Киргизстаны эрх баригчдын энэ зөвлөгөөг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Киргизстан дахь суурин төлөөлөгч ихэд шүүмжилж, шинжлэх ухаанаар нотлогдоогүй эмчилгээний арга сурталчилж, хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Киргизийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд ч ийм шинжлэх ухааны үндэслэлгүй аргыг өвчтөнд хэрэглэх нь тус улсын холбогдох хуулийг зөрчиж байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: SPUTNIK